IELTS -ЫН ШАЛГАЛТАД 1 САР БЭЛДЭЭД 6.0 ОНОО АВСАН АРГАЧЛАЛ
- Posted by Munguntur
- Categories Хувь хүний хөгжил
- Date 2021-02-12
- Comments 4 comments
Хөл хорио нэг талдаа бидэнд олон жил хойшлуулсан, хуримтлуулсан ажлаа дүгнэж, гүйцэтгэж ард нь гарах боломж өгч байна. Тэгвэл энэхүү бичлэгээр би карантин буюу МУ-д болсон 2020 оны 12 сарын хөл хорионы хугацааг ашиглаж, IELTS -н 6,0 оноо авсан аргачлалынхаа тухай ярилцахыг хүслээ.
Ихэнх IELTS -н тухай, англи хэл сурах тухай бичлэгүүд дээр шууд яаж бэлдсэн ч юмуу эсвэл юу хийх талаар ярьсан байгааг ажиглалаа.
Энэ танилцуулах гэж буй аргачлал нь юугаараа онцлог вэ? гэхээр миний бие бизнесийн удирдлага болон барилгын инженер мэргэжилтэй тул мэргэжлийн давуу талаа ашиглан илүү тоо баримттай, тодорхой бүтэц, тогтолцоотойгоор энэ асуудлыг харж, өөрийн англи хэл сурсан системийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Мөн 2021 оны 01 сарын 23 нд шалгалтаа өгсөн шинэхэн мэдрэмж, шинэлэг мэдээллийг та бүхэнд тэр дор нь шууд хуваалцахыг зорьсон юм.
АНГЛИ ХЭЛ ЭЗЭМШИХ, IELTS -Н ОНОО АВАХАД ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АРГАЧЛАЛЫГ АШИГЛАХ НЬ:
Тэгэхээр англи хэл сурах, эзэмших, IELTS -н оноо авах гэдэг нь өөрөө тодорхой зорилго буюу үр дүн, хүлээлт юм. IELTS шалгалтын оноо гэдэг нь таныг англи хэлийг ямар түвшинд эзэмшсэн бэ? гэдгийг баталгаажуулсан бичиг баримт юм.
Тэгвэл энэ зорилгод хүрэхийн тулд нэг ёсондоо жижигхэн төслийг та өөр дээрээ хэрэгжүүлж байна гэсэн үг юм. Ихэнх хүмүүс үүнийг төсөл гэж харахаас илүү англи хэл сурах гэдэг 1 төрлийн ажил болгож хардаг. Хэрэв та үүнийг микропрожект буюу жижиг төсөл гэж харвал, түүнд төслийн менежментийн энгийн арга, техникүүдийг ашиглах боломж нээгдэх юм. Ингэснээр та илүү зохион байгуулалттай, илүү үр ашигтайгаар англи хэлийг суралцах боломжтой.
Өөрөөр хэлбэл IELTS -н шалгалтад бэлдэх процесс нь тодорхой өгөгдөл буюу таны хэрэгцээ, шаардлага, бодит нөхцөл байдал зэргийг хувиргалт хийж IELTS-н оноо болгож буй хэлбэр юм.
Үүнийг энэхүү схемээр тайлбарлаж болно.
За одоо IELTS -н шалгалтад 1 сарын хугацаанд бэлдээд 6.0 оноо авсан үндсэн аргачлалруугаа орцгооё.
Энэхүү аргачлал маань дээр дурдсан төслийн менежментийн бүтэц, арга техникийн дагуу явагдсан байгаа.
ӨГӨГДӨЛ БУЮУ НАДАД ЮУ БАЙНА ВЭ?
Өгөгдөл буюу би өөрийн бодит нөхцөл байдал, англи хэлний хэрэгцээ, хүлээлтээ хэрхэн тодорхойлсон бэ? гэдгээс эхэлцгээе. Ихэнх хүмүүсийн хувьд англи хэлийг сурах, IELTS-н оноо авах гэдэг шийдвэр нь тохиолдлын сэтгэл хөдлөлөөс биш, харин он удаан жил төвөг, саад болж байгаа асуудлуудыг шийдэх гаргалгаа дээр үндэслэгдэж гардаг гэж ойлгож байгаа ба миний хувьд ч гэсэн үүнтэй адилхан байсан.
IELTS-н 6-с дээш оноо авах зорилго маань өмнө туулсан туршлага болон ирээдүй талаарх миний төсөөлөл 2-н огтлолцол дээр гарсан юм. Ийм учраас юуны өмнө би өөрийн англи хэлийг сурч буй замыг та бүхэнд танилцуулъя гэж бодлоо. Магадгүй та үүнийг ашиглан өөрийнхийгөө бас тодорхойлж болох юм.
IELTS -н 6.0 оноо авах хүртэл:
- 10 жил: (1 жил судалсан)
- Англи : –
- Орос хэл: (5 жил судалсан)
- Спорт: Сагсан бөмбөг, жудо бөх, үндэсний бөхийн дугуйланд өдөрт 3-4 цагийг зааланд өнгөрөөдөг байв.
- Их сургууль: (10 кр үзсэн ба 4 жил сурахад 139 кр хичээлийн хөтөлбөртэй байдаг.Иймд хичээлийн хөтөлбөрийн 7.2% буюу 4 сар судалсан гэсэн үг.)
- 2009-2013 он: Бизнесийн удирдлагын бакалавр 8кр
- 2013-2015 он: Барилгын инженерийн бакалавр 2кр
- 2016-2019 он ажил:
- 8 жил ажиллах хугацаандаа сүүлийн 3 жилд англи хэлийг суралцах тал дээр тусгайлан цаг гаргаж, үг цээжлэх, дүрэм судлах хэвшлүүдийг өөртөө суулгав. (8000 үгийг 1 жилийн хугацаанд цээжилсэн ба үүнээс 50 орчим хувийг нь ашилаж чаддаг болов.)
- 2020-Одоо хүртэл Хувийн бизнес:
- 2020 он: Леан Ворк Консалтинг ХХК -н Үүсгэн байгуулагч, Захирал
- Старт ап бизнесийн тухай англи хэл дээр уншиж, аудио хувилбаруудыг нь сонсож эхлэв. Нийтдээ 200-с дээш хуудастай 8 номыг уншиж дуусгав.
- IELTS өгсөн 2021 оны 1 сарын 23 нд:
- 2019 оны 9 сард шалгалт өгөх сэдэл төрсөн боловч бэлдэж амжихгүй явсаар байсан.
- 2020 оны 12 сараас 2021 оны 1 сарын 22 хүртэл IELTS стратеги бэлдсэн
- 2021 оны 02 сарын 05 нд IELTS 6.0 бүх хэсгүүд дээр 6,0- с дээш оноо авсан талаар хариугаа авсан.
- 2020 он: Леан Ворк Консалтинг ХХК -н Үүсгэн байгуулагч, Захирал
За тэгвэл энэ бүхнээс үндэслээд 2018 оноос эхлэн англи хэлийг өөрийн хүсэл мөрөөдлөөр сурах бодитой алхам, оролдлогуудыг бага багаар хийж эхэлсэн бөгөөд миний хувьд өөрийн карьерыг ахиулах, үнэлэмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болон гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгээр сурах боломжийг ирээдүйд бий болно гэж үзсэн юм.
Ингээд өгөгдөл болон өөрийн хэрэгцээ хүлээлтийг тодорхойлсны дараа надад ямар оноо хэрэгтэйг тодорхойлсон нь IELTS 6.0 оноо байсан юм.
2 ДАХЬ ҮЕ ШАТ БУЮУ ӨГӨГДӨЛИЙГ ХУВИРГАХ ҮЙЛ ЯВЦ
Аливаа ажлын менежмент нь стратеги гаргах, тактик төлөвлөлт боловсруулах, түүнийг гүйцэтгэл, хяналт, сайжруулалт хийх гэсэн мөчлөгөөр явагддаг.
Тэгэхээр би та бүхэнд төлөвлөлт, түүний гүйцэтгэлийг харьцуулсан байдлаар тайлбарлая гэж бодлоо. Миний хувьд анх 2019 оны 09 сард IELTS өгөхөөр шийдвэр гаргаж шалгалтын хугацааг 2020 оны 01 сард гэж тооцож байсан боловч тэр нь хойшилсоор 2021.01.23 болсон юм. Өөрөөр хэлбэл бараг 1 жилээр хойшилсон гэсэн үг. Үүний шалтгаан нь би анхны зорилтот хугацаагаа тодорхойлсон боловч тухайн үед өөрийн бодит нөхцөл байдал буюу ажлын ачаалал, чөлөөт цаг, одоогын мэдлэгийн түвшин зэргийг буруу, дутуу үнэлснээс болсон гэж үзэж байгаа. Тухайн үед гаргаж байсан төлөвлөгөөг доорх холбоосоор харж болно.
https://www.slideshare.net/matardandi9/ielts-179962420
Доорх зурагт найзуудын чатад өөрийн зорилгоо танилцуулж байсан нотолгоог харуулав.
Та бүхний харж байгаачлан төлөвлөгөөг нарийвчлан гаргасан боловч тухайн үед би өөрийн ажлын ачааллыг буруу тооцсоноос төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд гаргах ёстой цагаа гүйцэтгэл дээр гаргаж чадаагүй юм. Мөн манай найзуудын зүгээс надад өгч байсан зөвлөгөөг доор харуулав.
Энд харж байгаачлан найзуудын зүгээс энэ богино хугацаанд бэлдэхэд миний түвшинг анх шалгалтаа өгөөд 4-5 оноо авна гэж үзэж байсан. Би ч үүнтэй санал нийлж байгаа бөгөөд үүнээс ч доош авах магадлалтай гэж бодож байв.
Энэ төлөвлөгөө маань бүтэлгүйтсэний дараа дахин нэг удаа өөрт тулгараад буй нөхцөл байдлыг тодорхойлох ажлыг хийж хамгийн эхэнд надад хэрэгтэй байгаа, үр дүнгээ шалгалтаас өмнө олж авах боломжтой хэсгүүдээс эхэлье гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед би өөрийн бизнес платформ болох www.leanwork.mn сайтыг хөгжүүлж эхэлж байсан бөгөөд гарааны бизнесийг эрхлэн явуулахтай холбоотой дараах номуудыг 2020.01 -2020.07 сарын хугацаанд унших төлөвлөгөө гаргаж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн юм.
- John C Maxwell: Sometimes you win, Sometimes you learn,
- A.J. HOGE: Effortless English,
- Brain Tracy: The Psychology of Selling,
- Paulo Coehlo:The Alchimist,
- Alian Dib: The 1 Page Marketing Plan,
- Chris Guilleneau: The $100 Startup,
- Eric Ries: The Lean Startup,
- Macheal E. Gerber: The E-Myth Revisited
Эдгээр номуудыг уншихад англи хэлний үгийн баялаг, өгүүлбэр зүйн найруулга зэрэгээ давхар хөгжүүлж байсан бөгөөд хамгийн гол нь номоос авсан мэдлэгүүдээ шууд өөрийн гарааны бизнес дээр хэрэгжүүлж, эерэг үр дүнд хүрж байсан нь надад улам илүү урам, зориг төрүүлж эхэлсэн юм.
Мэдээж миний анхны түвшинд ямар нэгэн толь бичиггүйгээр тухайн номыг уншихад 50 орчим хувийг нь ойлгож байсан. Иймд шинэ үгнүүд тухайн үед миний гол асуудал болж байсан тул kindle электрон номын төхөөрөмжийг ашиглан илүү хялбар, хурдтай, ойлгомжтой уншдаг болов. Өнөөдөр би толь ашиглахгүйгээр ойролцоогоор 80-100 орчим хувийг ойлгож байна.
Шинэ үгний тухайд нэмж хэлэхэд миний хувьд 2018 онд IELTS болон ерөнхий хэрэглээний 8000 үгийг цээжилж байсан нь надад мөн давуу тал болсон гэж үздэг. Үүнийг хийхэд анх мөн адил уламжлалт хувилбар буюу цаасан flashcard ашиглаж байсан ба энэ нь ажиллагаа ихтэй, хэт механик байсан учир ухаалаг утсан зориулсан 4000 essential english words 1 – 6 болон quizlet application -г тус тус ашигласан нь мөн цаг их хэмнэсэн юм.
Олон хүмүүс үг цээжлэх нь дэмий зүйл гэж хэлж байхыг сонссон гэхдээ миний хувьд үг цээжлэх нь англи хэлний ашиглалтаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхэд тус болсон юм.
Мөн энэ хугацаанд англи хэлний public speaking club -явж ярианы чадвараа нэмэгдүүлэхээр шийдсэн бөгөөд олон улсын франчайз UB toastmasters клубын хамт олонтой нэгдэж, 20-30 хүний өмнө 4 удаагын илтгэл 2 удаагын шууд асуулт, хариултад орцсон нь надад их тус болсон юм. Энэхүү клубт явахаас өмнө миний хувьд:
- Өмнө нь аль хэдийнээ 20-300 хүртэлх танхимтай сургалт, семинар, уулзалт дээр илтгэл тавьж байсан боловч англи хэлээр ганц хүнтэй ч үр бүтээлтэй яриа өрнүүлж чадахгүй, харилцан яриа үүсэх үе таг гацалтад орж, хүнд байдалд орж үзсэн байв.
Харин тус клубт элссэнээр англи хэлний түвшингээр надаас хавь илүү хүмүүстэй нэг хамт олон болсноор дараах давуу талууд бий болов.
- Илтгэл тавихаас өмнө тусгай instruction, format -н дагуу өгөгдсөн чиглэлийн хүрээнд сэдэв сонгож, бэлтгэдэг бөгөөд үүнд клубын туршлагатай гишүүдээс менторинг авдаг байсан нь чанартай илтгэл тавихад их тус болдог байв.
- Илтгэл нь 4-6 минут хүртэл үргэлжлэх бөгөөд үүнийг зочид болон клубын гишүүдээс бүрдсэн 20-с дээш тоо бүхий үзэгчдийн өмнө тавьдаг ба илтгэлийн дараа feedback -г сонссон бүх хүмүүсээс бичвэр хэлбэрээр авдаг нь өөрийнхөө алдаа, дутагдалыг богино хугацаанд таньж мэдэхэд их тус болов.
- Мөн клубын уулзалтаар ганцхан илтгэл тавиад зогсохгүй зочид болон гишүүд чөлөөтэй оролцох боломжтой table topic contest -г зохион байгуулдаг байсан нь IELTS speaking шалгалтын 2-р хэсэгтэй тун адил байв.
- Миний хувьд 4 илтгэл тавьсан нь англи хэлээр алаагүй, цэвэр ярихаас илүүтэй олны өмнө сандралгүй, чөлөөтэй ярьж сурах практик дасгал болж өгөв.
За англиар өөрийгөө илэрхийлэх тухайд англи хэлийг сурч байгаа хүмүүс ихэвчлэн ярианы практик хийх орон зай тун хомс байдаг ба миний хувьд үүний хамгийн оновчтой шийдэл нь ярианы төрөл бүрийн клубт явах гэж бодсон.
Та бүхэн доорх холбоосоор миний явж байсан клубын мэдээллийг авах боломжтой.
https://www.facebook.com/groups/258650107553382
За ингээд өмнөх бүтэлгүйтсэн төлөвлөгөө болон амжилттай хэрэгжсэн ном унших төлөвлөгөөнүүдийг харьцуулж IELTS-н шалгалтыг 2020 оны 12 сард өгөх шинэчилсэн хуваарийг гаргаж, бүртгүүлсэн юм. Гэхдээ сүүлд нь хөл хорионы улмаас шалгалтын хуваариа 2021.01.23 болгож сунгасан. Энэ харьцуулалтын үр дүнд дараах зүйлсийг ойлгож авлаа.
Үүнд англи хэлийг сурах гэдэг нь өөрөө шинэ зүйлсийг сурах гэдэг том ойлголтын нэг хэсэг бөгөөд хэрвээ та юмыг үр ашигтайгаар сурах, эзэмших, удаан хугацаанд санах, улмаар өөрийн зуршил болгохын тулд тархины үйл ажиллагааны тухай тодорхой мэдлэгтэй болох нь давуу тал болох юм. Үүнийг ухаарч ойлгохын тулд монгол хэл дээр тархины үйл ажиллагаа ба үр бүтээлтэй ажиллах талаар дараах номыг уншсан.
- Др. Жое Диспенза: Тархиа өөрчилж, амьдралаа өөржил: https://www.youtube.com/watch?v=AdC87HzWNqI
Үр дүнд нь өөрийн тархины ажиллагааг үр дүнтэй удирдах, суралцах үйл явцыг түүнд зохицуулах дараах алхмуудыг хийв.
- Бясалгалыг туршиж үзэв, IELTS -н оноо авсан мэтээр өөрийгөө төсөөлж өөрчлөлтийг гаднаас биш дотроосоо эхлүүлэв.
- Хуучин муу зуршлуудаасаа салах аргаа олж, үүний үр дүнд суларч буй цагуудад англи хэлийг суралцах болов.
- Тархины доторх химийн урвалын талаарх ойлголттой болсон тул хэт их ачаалуулахаас зайлсхийж, харин үр ашигтай ачаалуулах тал дээр төвлөрч, тархины долгион, шим тэжээл зэрэгт анхаарч биеийн тамирын дасгал, хоол, амралт 3-н балансыг барив.
Дээрх үйлдлүүдийг хийж эхэлснээр бодитой өөрчлөлтүүд гарч ирсэн бөгөөд дараах ерөнхий мэдлэгүүдийг хэрэглээний түвшинд эзэмшив.
- Vocabulary – Үгийн сан /8000 үг/
- Sentence structure буюу өгүүлбэрийн бүтэц /Compound complex sentences/
- Passive and Active voices- Үйл үгийн цаг, тэдгээрийн ашиглалт зэрэг орно.
За ингээд ерөнхий мэдлэг болсон тул 2020 оны 12 сараас эхлэн IELTS -н стартеги, тактикийг судалж эхэлсэн бөгөөд үүнд дараах материалуудыг ашиглав.
- The Official Cambridge Guide to IELTS
- IELTS Band 7+ Complete Prep Course $11.99 https://www.udemy.com/course/ielts-band-7-preparation-course/
- CAMBRIDGE IELTS 11 – 13
- Global IELTS Online youtube суваг
- Voice recorder
Эхний ээлжинд ном уншиж, түүний дагуу дасгалууд дээр ажиллахад нойр хүрч, нозойрч байсан тул IELTS preparation online course -г хамгийн эхэнд судалж дуусгав.
Үүний дараа The Official Cambridge Guide to IELTS эхнээс нь дуустал нэг бүрчлэн ажиллаж дуусгав.
Энэ 2-г судалж, дуусгасны дараа стратеги, шалгалтын талаарх ерөнхий мэдлэгтэй болох тул дадлага, дасгал ажлыг CAMBRIDGE IELTS 11, 12, 13 номууд дээр ажиллав.
Global IELTS Online youtube сувгийг Speaking дээр practice хийхийн тулд сонсож, жишээ болгон хардаг байв.
Мөн өөрийн ярианы түгдрэлийг багасгах зорилгоор англи хэл дээр өөрийн ажилтай холбогдолтой номыг чанга дугаар 30 минут уншиж аудио бичлэг хийдэг байв.
Энэ дээр анхаарах зүйл нь шалгалт болохоос өмнө стрессдэж, эсвэл дасгал дадлагын ажлыг хэтрүүлэн хийснээс биеийн дархлаа муудаж, ядаргаанд орох эрсдэлтэй байдаг тул амралт, шим тэжээлтэй хоол, дасгал хөдөлгөөн, IELTS -д бэлтгэх гэсэн 4 зүйлийг балансыг хангах нь чухал.
Миний хувьд шалгалт өгөхөөс 7 хоногийн өмнө ядаргаагаа гаргах арга хэмжээнүүдийг авч эхэлсэн бөгөөд бясалгал хийх, сандралыг багасгах хүнсний нэмэлт бүтээгдэхүүн memory plus -г эмчийн заавраар хэрэглэсэн. Эдгээр нь яг шалгалтын өдөр маш их тус хүргэсэн бөгөөд шалгалтын үеэр сандралаа дарахын тулд 2 минутын бясалгал хийх нь магадгүй хүссэн оноогоо авах боломжийг олгосон байх гэж би бодож байна.
ШАЛГАЛТЫН ҮР ДҮН
Ингээд шалгалтын дараа 13 хоноод хариу гардаг бөгөөд бүх ур чадвар дээр 6,0 -с дээш оноо авсан нь миний зорьж байсан хамгийн минимум үр дүнг хангаж байлаа. Энэ шалгалтын анх удаа өгсөн тэр дундаа 1 хан сар бэлдээд орсон гэхэд чамлахааргүй үр дүн учир “Чамлахаар чанга атга” гэдэг үг санаанд орж байв.
Мэдээж олон улсын англи хэлний шалгалтын байгууллагаар түвшингээ тогтоож, баталгаажуулсан болохоор хүссэн тэтгэлэгүүддээ эхний ээлжинд материалаа бүрдүүлж өгөх боломж үүссэн бөгөөд англи хэл дээр өөрийн хүссэн мэдээллийг төвөггүй олж авч, хүссэнээрээ хэрэглэхдээ чадамгай (competent user) болсон нь миний цаашдын ажилд маш их тус болж байгаа. (Жич: IELTS -н онооны тайлбар хүснэгтийг доор тусгав.)
МИНИЙ ДҮГНЭЛТ
За ингээд энэ бүхнээс сурсан сургамжаа базаад хэлэхэд
- Хүн зорилго тавих, түүндээ хүрэх процессыг төслийн менежментээр хийх нь илүү үр ашигтай бөгөөд таны ачааллыг багасахад тусална.
- Аливаа зүйлийг сурах, шинээр хийх гэж байгаа тохиолдолд хамгийн эхэнд та өөрийгөө маш бодитоор үнэлэх, хэрэгцээ, хүлээлтээ тодорхойлох нь нэн чухал бөгөөд үүний дараа түүнд нийцсэн төлөвлөгөө гаргах нь зүйтэй юм.
- Англи хэлийг өөрт тулгарсан байгаа асуудлыг шийдэхэд зориулж сурах буюу хэрэглэх нь уйтгартай төвөгшөөсөн байдлыг алга болгож, танд урам зориг, эрч хүчийг төрүүлнэ. Миний хувьд өөрийн бизнесийг эхлүүлэхэд зориулж хэрэглэж, сурч байгаа билээ.
- Та IELTS -н оноо авах гэдэг зорилгыг өөртөө тавьж бодитой үйлдлүүдийг одооноос эхлэн хийж эхэлснээрээ ганцхан англи хэлийг сураад зогсохгүй маш олон шинэ нээлт, ур чадваруудыг өөртөө давхар суулгаж байгаа гэдгийг анзаарч, өөрийгөө урамшуулж байх нь чухал,
- IELTS оноо авах эсвэл англи хэл сурах гэдэг нь таны сурах арга барилын тухай асуудал бөгөөд үүнд суралцах, дасгал хөдөлгөөн хийх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, бүрэн нойртой байх зэрэг 4 хүчин зүйлсийн тэцвэр, харилцан зохицолдоог хангах нь чухал юм.
- Өөрийн зорилгодоо хүрсний дараа та дараагын боломжгүй гэж бодож байсан том зорилгууд руугаа зориглон орох үүд хаалга нээгдэх юм.
За тэгээд өнөөдөр би ганцхан англи хэл сурах тухай биш бас төслийн менежментийн арга, техникүүдийг хэрхэн энгийн байдлаар ашиглах талаар ярилаа. Хэрэв танд энэхүү контент таалагдсан бол share хийж найз нартайгаа хуваалцаарай. Миний энэхүү аргачлалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл оригинал постны доор коммент үлдээгээрэй. Би та бүхэнд чадахаараа хариулах болно.
Мөн төслийн менежмент, хувийн зохион байгуулалтаа сайжруулахыг хүсч байвал манай www.leanwork.mn вэбсайтруу зочлон, онлайн сургалтуудад хамрагдаарай гэж уриалж байна.
Facebook page: Дэвшилтэт Менежментийн Практик
Youtube chanel: Дэвшилтэт Менежментийн Практик
Та бүхэнд баярлалаа.
Previous post
Жижиг дунд компанид үйл ажиллагааны сайжруулалт хийхэд тулгардаг хамгийн эхний саад бэрхшээл
Next post
4 Comments
Bayar hvrgey.
kindle deer medehgvi vgee orchuulj temdeglej boldog uu
Болноо. Өшөө олон давуу талууд бий
Bayarlalaa. Tanai medeelluud uneher heregtseegei chuhal sedvuud bdg shu amjilt husey. Buh medeelluudig chin amtarhan unshij yavdag
Баярлалаа. Хичээж ажиллах болно оо.