Маш энгийн манлайлал
Манлайлагч болон босс эсвэл үлгэрлэх болон тушаах 2-н ялгааг маш менежментийн ном, стандарт, судалгааны материал дээр дурдаж, тайлбарласан байдаг.
Харин миний хувьд аливаа зүйлийн уналт, сэргэлт манлайллаас шууд шалтгаалдаг гэж хардаг.
Жишээ нь яг адил агуулга, бичвэртэй аливаа стандарт, ном зэргийг өөр өөр байгууллагууд дээр хэрэгжүүлэхэд харилцан адилгүй үр дүн гардаг. Яагаад??
Мөн хувь хүний хөгжлийн номыг өөр дээрээ олон хүн хэрэгжүүлэх гэж оролддог. Ном дээр адил зүйл бичигдсэн байдаг боловч хүн бүр тэрийг хэрэгжүүлж чаддаггүй. Бас яагаад??
Эдгээр нь бүгд байгууллагын болон хувийн манлайлалтай холбоотой юм. Өнөөдөр би та бүхэнтэй энэ талаарх өөрийн туршлагыг хуваалцах болно.
Хамгийн эхэнд манлайлах чадварыг хүн дасгал сургуулилт, дадлагын ачаар өөр дээрээ суулгадаг гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл энэ бол төрмөл авьяас биш юм.
Миний хувьд манлайллыг маш энгийн зүйлээс эхэлдэг гэж боддог. Сүүлийн 8 жил менежментээр дагнан ажиллах хугацаандаа мөн манлайллын талаар мэргэжлийн түвшинд, шинжлэх ухаанчаар судлахад энэ талаарх мэдлэг, мэдээлэл, ур чадвар маань тэр хэмжээгээр мэргэжлийн болж хөгжиж байна гэж харж байгаа.
Гэхдээ манлайллын ур чадвар хүнийг ухаан орж, ухамсар суусан цагаас хөгжиж эхэлдэг ба үүнийг илүү мэргэжлийн болгох, үр ашигтай, өргөн далайцтай хийхэд харин судалгаа, менежментийн номууд танд хэрэг болно.
Өөр дээрээ жишээ авахад би айлын том, өвөө эмээгийн ач нарын бас том учир ер нь л дүү нараа багаасаа манлайлах шаардлагатай байсан аж.
Үүний дараа ахлах сургууль болон их сургуульдаа ангийн даргын үүргийг гүйцэтгэж байж. Энэ нь манлайллын талаарх туршлага, дадлагыг надад бага багаар суулгаж байсан ба үүнийг би саяхныг хүртэл өөрөө ч мэдэхгүй явсаар иржээ.
Ажилд орсны дараагаар эхний 4 жил төслийн инженерээр ажилласан ба өөрөөсөө ур чадвар, авьяастай маш олон ах эгч нар, мөн үе тэнгийн залуучуудаас техник талын мэдлэг, туршлагыг суралцаж өнгөрөөсөн юм. Харин үүний дараах 3 жилд 20 орчим хүнтэй инженеренгийн багийг алхаж, байгууллагаа сайжруулах албан үүргийг хүлээж, менежерийн түвшинд ажиллаж эхэлсэн. Энэ цагаас эхлэн манлайллыг өөрийн ажил, мэргэжил дээр хэрхэн хэрэгжүүлэхэд мэргэжлийн түвшинд суралцаж эхэлсэн бөгөөд одоо ч суралцсаар байна.
Энэ явцад олон арван байгууллагатай, хэдэн зуун хүмүүстэй хамтарч, харьцаж үзсэн бөгөөд тэдгээрийн зарим нь амжилттай зарим нь эсрэгээрээ. Амжилттай явж байгаа болон асуудалдаа шаналж байгаа байгууллагуудын соёлын зүй тогтлыг мөн карьерээ ахиулж байгаа болон байрандаа үлдсэн хүмүүсийн нийтлэг зүй тогтлыг харьцуулан үзвэл
1-рт тухайн хүмүүсийн техникийн талын мэдлэгийн зөрүү төдийлөн их биш,
2-рт амжилттай явж байгаа нэгэн нь бусдыгаа бодвол менежмент, процессоо үр ашигтайгаар зохион байгуулж байдаг.
3-рт амжилттай явж байгаа нэгэн процессоо сайжруулахаас гадна хүмүүсийн манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг буюу үр ашигтай харилцаа, оролцоо зэргийг дэмжиж өгдөг.
Тэгэхээр үндсэндээ сүүлийн 2-г өөр дээрээ шийдэж чадвал ирээдүйд амжилттай байх баталгаажилтыг урьдчилаад буюу өнөөдөр хийж байна гэсэн үг. Харин яаж??
Процесс сайжруулалтын хувьд түүн дээр төвлөрсөн ISO -н удирдлагын тогтолцооны стандартууд, Six sigma, lean management зэрэг аргачлалууд байдаг. Харин эдгээрийн дотор манлайллын асуудлыг цухас дурдаад өнгөрсөн байдаг.