Эрх чөлөөнд хүрэх нь
- Posted by Munguntur
- Categories Хувь хүний хөгжил
- Date 2021-04-21
- Comments 0 comment
Яагаад эрх чөлөөнд хүрэх гэж??
Ажил хийх тухай хуучны ойлголт нь 7 хоногийн 5 өдөр ажилдаа яваад өглөө 09:00 -с оройн 18:00 цаг хүртэл ажиллачхаад буцаад гэрлүүгээ ирээд маргааш нь мөн адил үйлдлийг давтаж хийхийг хэлдэг байж.
Тэгвэл сүүлийн 2 жил хүн төрөлхтний дунд ковид цар тахал нүүрлэсэнтэй холбоотойгоор, мөн интернет сүлжээ, дижитал технологийн ач тусаар бидний ажиллах хэв маяг өөрчлөгдсөөр байна.
Мөн тэрнээс ч өмнө зарим хүмүүс тогтсон цагийн хуваарь, оффис дээр ажиллахаас өөрийгөө чөлөөлж, дэлхий даяар аялангаа ажлаа алсын зайнаас хийдэг хэлбэрээр ажиллаж эхэлсэн байж.
Харин би өнөөдөр та бүхэнтэй ажлын тогтмол хуваарь, оффисоос өөрийгөө чөлөөлж, эрх чөлөөтэй бөгөөд бүтээмжтэй ажиллах болсон талаар хуваалцах болно.
Асуудал нь юундаа байна вэ?
Миний хувьд сүүлийн 2 жилийн турш хэзээ ажиллаж, хэзээ амрахаа өөрөө шийдвэрлэх эрх чөлөөг эдэлж байна.
Гэхдээ мэдээж өмнөх 6 жилд өглөө 09:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд, заримдаа 7 хоногийн 7 өдөр, амралтын өдрүүдээр, шөнийн 00 цаг хүртэл, эсвэл ажил дээрээ 2 хоног дараалан хонож хүртэл ажиллаж байсан.
Харин энэ хэв маяг тогтсон мэт боловч илүү цаг ихтэй ажлын цагийн хуваарийн дагуу ингэж ажиллахаас татгалзаж, үр дүнгээр өөрийгөө хэмжиж, үнэлгээ хийж ажиллах болсноор өмнөхөөсөө илүү завтай мөртлөө илүү орлоготой болж чадсан юм.
Мэдээж би ингэж чадсан учраас та ч хүссэн хэн ч үүнийг хийж чадна. Тийм учраас хэрвээ та энэ шилжилтийг өөр дээрээ хийхээр шийдсэн бол миний энэхүү бичлэг таны цагийг хэмнэж, зарим нэг санаа өгч, тус болно гэж найдаж байна.
Хамгийн эхэнд та бүтээмж гэдэг үгтэй маш сайн танилцах хэрэгтэй. Яагаад гэвэл таны ажил өөрөөр хэлбэл танай байгууллага өөрөө бүтээмжийн машин юм. Харин та түүнийг нэг хэсэг бөгөөд өөрийн хувь нэмрээ түүнд оруулж, үнэ цэнийг ажил олгогчдоо өгснөөр танд төлбөр төлж, хөдөлмөрийн арилжаа үүсэж байгаа нь тэр.
Тэгэхээр бүтээмж хэрхэн бий болох вэ? гэхээр миний туршлагаар үйл явц болон түүнийг хийх хүн гэсэн хоёр хүчин зүйлийн нийлбэрээр тодорхойлогддог.
Энэ нь та 09:00 ирээд 18:00 цагт явахдаа ямар үйл явцыг хийдэг нь таны бүтээмжид шууд нөлөөлнө гэсэн үг.
Харамсалтай нь ихэнх байгууллагуудад маш бага бүтээмжийг өндөр хүчин чармайлтаар гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл түүнд ажиллаж буй ажилтнуудаа зовоож, залхааж ажлыг нь хийлгэдэг байгууллагууд элбэг. Жишээ нь 1 хүн гараараа бичгийн цаасан дээр юм бичээд дараа нь өөр нэг хүнд аваачиж өгөөд тэрийг нь шивж гаргаад, 10-аад захирлууд тус бүрийн өрөөний үүдэнд өдөржингөө юу ч хийлгүй гарын үсгийг нь авахын тулд хүлээж, оочирлож орох гэх мэт.
Эсвэл 1 хүнд ярьсан яриагаа дахиад өөр нэг хүнд эхнээс нь тайлбарлах гэх мэт.
Эдгээр нь бүгд тухайн хүний бүтээмжийг бууруулж, хүнд суртлыг нэмэгдүүлж байгаа хэлбэр.
Хамгийн харамсалтай зүйл нь тэр бүх зүйлийг мэдээллийн технологийн тусламжтайгаар хэмнэж, үр ашиггүй процессыг устгаж болно.
Харин мэдээллийн технологийг зөвхөн тухайн байгууллага үйл явцаа тогтолцоонд оруулж, процессжуулсан үед л ашиглах нь оновчтой байдаг.
Тэгвэл би яаж үүнийг шийдсэн бэ?
Тэгэхээр та ажлын цагаа багасгаж, бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд процессоо үр ашигтай болгох хэрэгтэй гэсэн үг юм. Харин үүнд мэдээллийн технологи, орчин үеийн сайн туршлагуудыг ашиглах нь үйл явцыг улам хялбар болгоно.
Харин миний хувьд үүнийг хэрхэн шийдсэн бэ? Мэдээж би өөрийн ярьж байгаа зүйлийг туршиж үзээд, батлагдсан тохиолдолд бусадтай хуваалцахыг хичээдэг.
Үүний нэгэн адилаар яг үүнтэй холбоотой өөрийн туршлагыг та бүхэнтэй хуваалцъя.
Хамгийн эхэнд миний хувьд 6 жил ажилсны дараа өөрийн компанийг байгуулахаар шийдсэн бөгөөд энэ нь ЛЕАН ВОРК КОНСАЛТИНГ ХХК юм.
Яагаад өөрийн компанийг байгуулахаар болсон бэ? Гэхээр түүнээс өмнөх 6 жилийн турш би компани, төслийг хэрхэн асуудалгүй, үр ашигтай хэрэгжүүлэх талаар судалгаа, туршилт, хэрэгжүүлэлтийг хийж өөртөө нэлээдгүй ур чадварыг суулгаж авсан байв. Магадгүй үүнээс болоод ч тэр үү компанийн эзэн, ТУЗ-тай санал нийлэхгүй байх тохиолдлууд ихсэв. Асуудал нь юу вэ? Гэхээр би тухайн компанийг сайжруулах, тухайн хүний баян болгохын тулд өөрт нь шийдэл санал болгодог байсан /магадгүй бүгд зөв шийдэл байгаагүй/ гэхдээ зарим нэг маргаангүй зөв байсан гэдэг нь сүүлд нь батлагдсан шийдлүүдэд татгалзсан хариу өгдөг байсантай холбоотой байх.
Ингээд 6 жилийн корпорацийн соёлд ажилсны дараа би өөрөөсөө дараах 3 асуултыг асуув.
Яагаад би хүний компанийг хүсэхгүй байхад нь сайжруулж өгөх ёстой вэ? Яагаад үүнийг өөрийн компани дээр хийж болохгүй гэж? Үнэхээр чиний яриад байгаа чинь зөв шийдлүүд байгаа юм бол хаана ч хэрэгжүүлсэн амжилтанд хүрэх юм биш үү?
Хариулт нь намайг Леан Ворк Консалтинг ХХК-г үүсгэн байгуулахад чиглүүлсэн юм.
Үүний дараа бид бүтээмж буюу үнэ цэнээ тодорхойлсон ба энэ нь өмнөх ажлын туршлага, давуу тал, ирээдүйн чиг хандлага дээр суурилсан юм.
Түүний дараа бүтээмжийг гаргахад ямар үйл явцуудыг хийдгээ гаргасан. Мэдээж анх гаргахад хэрэгтэй, хэрэггүй үйл явцууд холилдсон байсан бөгөөд түүнээс хэрэггүй хэсгүүдийг нь аль болох устгаж, үйл явцаа оновчилсон.
Ингээд энэ дээрээ бүтээгдэхүүн, хөгжүүлэлт хийсэн ба хүмүүст хүргэх өөрийн үнэ цэнийг томьёолж, системчилсэн юм.
Мэдээж сайн бүтээгдэхүүн, үнэ цэнэтэй болсны
Миний өгөх зөвлөгөө
Үүний үр дүнд би хэрэглэгчид, харилцагчиддаа өөрийн системчлэгдсэн сургалтууд, коучинг үйлчилгээг өгч чадаж байгаа бөгөөд гарах үр дүн нь эхнээсээ тодорхой байдаг ба хийх тусам бодит болдог. Дээрээс нь манай компанийн үйлчилгээ нь IT технологитой уялдсан байдаг тул орон тоог хэмнэж, өндөр бүтээмжийг гаргаж байна. Мөн өөрийн компанийг байгуулахаас өмнө заавал 09:00-18:00 сууж, багахан цалингаа авдаг байсан бол систем, бүтээмж, үнэ цэнэ гэсэн гуравхан зүйлсийн мөн чанарыг судалж эхэлснийхээ үр дүнд дахиж ингэх шаардлагагүй болсон юм. |
Энэ бүхнээс үзэхэд эрх чөлөө гэдэг үг нь өөрөө бүтээмж болон үнэ цэнэ гэсэн 2 үгтэй салшгүй холбоотой ба та эрх чөлөөг хүсвэл ажлаа хэрэгтэй, хэрэггүй гэж ялгах шаардлагатай. Дараа нь хэрэгтэй ажлуудаа үйл явцад оруулж, үнэ цэнийг нь улам бүр өсгөснөөр таны ажлын цаг, болон ачаалал багасах нь гарцаагүй юм. Хэрэв та үүнийг хийх анхны алхмаа хайж байгаа бол манай сайт дээрх онлайн хөтөлбөр болон коучинг үйлчилгээг сонирхоод үзээрэй. |