Инженерүүдэд англи хэл амархан уу?
Өнгөрсөн ба Одоо
Миний хувьд 10 жилдээ англи хэл судалж байгаагүй, зөвхөн их сургуульдаа 9 кр цагийн хичээл үзсэн байдаг.
Ажил дээр гарахад бараг англи хэлний анхан шатны мэдлэгтэй байв.
Ийм учраас зарим тал дээр хоцрогдож, гологдох болсон юм.
Гэсэн хэдий ч англи хэлийг ажиллахын хажуугаар зайлшгүй хэрэглэх шаардлага гарсан учир албан шаардлагаар зөв буруу нь хамаагүй шууд хэрэглэж эхэлсэн.
Жишээ нь би 2 жилийн өмнө 1 и-мэйл хариу бичих гэж доод тал нь 1 -2 цаг суудаг байсан бол өнөөдөр 10 минутад өөрийнхөө санааг бүрэн илэрхийлж чадна.
Би яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ? Гэхээр 2021 оны 01 сард би IELTS- н шалгалт өгсөн бөгөөд 6,0 оноо авсан нь миний хувьд мөн анхны оролдлогоо хийж буй хүний хувьд сэтгэлд нийцсэн оноо байсан юм.
Тэгэхээр онооны талаар багахан сонирхуулбал монголчуудын сайн мэдэх алдарт Australian awards тэтгэлэгт хөтөлбөрт материалаа бүрдүүлж өгөхөд бүх хэсгүүд дээр 6,0 оноотой байх шаардлагатай байдаг. Харин тэнцсэн тохиолдолд суралцахаас очихоос өмнө тухайн сургуулийн тухайн суралцах хөтөлбөрт нь тавьж буй босго оноог нь хангах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн 7,0 байдаг. Тэгэхээр ер нь бол IELTS 6.0 оноо нь надад эхний ээлжид хангалттай гэсэн үг юм.
Буцаад асуудалдаа ороход 2 жилийн өмнөөс англи хэлийг ажлын хажуугаар хэрхэн бэлдсэн бэ? Гэдгийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодож байна.
Инженерингийн компанид ажиллаж буй хүмүүсийн хувьд ялангуяа гүйцэтгэгч компанид ажиллаж буй инженер техникийн ажилтнууд зундаа их шахуу хуваарьтай ажилладаг, өвөлдөө амрах эсвэл ажиллах хоёрын аль нэгийг хийдэг тул сурах, өөрийгөө хөгжүүлэх асуудлыг хойш тавьсан байдаг.
Мөн компаниас нь ч үүнийг төдийлөн дэмжиж, анхаардаггүй.
Энэ нөхцөлд тэгвэл яаж хэлний мэдлэгээ дээшлүүлэх вэ?
Англи хэл сурч, эзэмшихэд тийм ярвигтай зүйл юм уу?
Инженер хүмүүс тооцоондоо л сайн, хэлэндээ тааруу байдаг юм уу? Гэх мэтчилэн асуултууд гарч ирэх бөгөөд хариулт нь товчхондоо асуудалгүй, инженер та чадна, харин яаж хийхээс бүх зүйл хамаарах юм.
Сул цагаа ашиглах нь
Завгүй ажлын хажуугаар хэрхэн суралцах, өөрийгөө хөгжүүлэх цаг зав гаргасан бэ? Гэхээр маш энгийн ганц жишээ хэлэхэд бидэнд хоол идэх цаг үргэлж гардаг ба хоол захиалсны дараа ойролцоогоор 10-20 минут хүлээдэг. Энэ хугацаанд 20 үг нүдэлж амждаг. Дараа нь гэрлүүгээ явах замд түгжрэлтэй тулгардаг бөгөөд 30-60 минут болох бөгөөд энэ үед нөгөө 20 үгээ дахин сэргээж харснаар тухайн үгнүүд миний ой санамжид хадгалагдах бөгөөд дараагын удаа би эдгээрийг өгүүлбэр болгож бичих, хэрхэн ашиглахтай холбоотой дасгал хийдэг.
Мөн өглөө бид гэрийнхэн, хүүхдүүдээ сэрэхээс өмнө 30 хан минутын өмнө тогтмол сэрж чадвал өглөө бүр танд өөрийгөө хөгжүүлэх 30 минут гарч ирэх бөгөөд сэргэг тархитай энэ үедээ англи хэлний дүрэм, сонсгол, уншилт зэргийн аль нэгийг давтах боломжтой.
Дараагын асуудал нь англи хэлийг сурч, эзэмшихэд тийм ярвигтай юу? Мөн инженер хүмүүс тооцоондоо сайн, хэлэндээ муу юу?
Хариулт нь огтхон ч тийм биш. Энэ бол зүгээр бид өөрсдөдөө итгүүлсэн буруу ойлголт юм.
Үнэндээ англи хэлийг зааж буй хүмүүс нь ихэвчлэн мэргэжлийн буюу англи хэлний багш, орчуулагч, guide нар байдаг нь биднийг өөрсдийгөө тэр хүмүүстэй харьцуулж, шууд тийм болж чадахгүй, энэ бол хэцүү зүйл гэсэн ойлголтыг төрөхөд хүргэдэг байж болох юм. Нөгөө талаас нь харвал англи хэлний багш, орчуулагч гэдэг мэргэжилтэй хүнээс англи хэл сурна гэдэг нь барилгын инженер хүнээс жирийн иргэнд инженерийн хязгаарын 1,2-р төлөвийн тооцооллыг хэрхэн хийх вэ? Гэдгийг зааж буйтай ижил зүйл юм.
Иймд аль ч тохиолдолд аливаа зүйлийг сурч, мэргэжлийн түвшинд хүрэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй бөгөөд энэ нь хэт шахуу байвал амжилтгүй болох магадлал өндөр байх юм. Хамгийн чухал нь инженер бидний хийдэг, хийж байдаг тооцооллуудыг хэр зэргийн хийхэд хэцүү тул бид ийм хэцүү зүйлийг сурч чадсан тул англи хэлийг сурахад ч мөн адил чадах юм.
Миний жишээ дээр би англи хэлний анхан шатны түвшингээс 2 жил бэлдээд IELTS 6 оноо буюу B2 түвшинд хүрсэн. Цаашид 2022 онд IELTS 7 оноо авах зорилго тавиад бэлдсээр байна.
За тэгээд нэгэнт глобал ашиглагддаг хэлийг гадарладаг болсон тохиолдолд хүссэн мэдээлээ маш олон сонголттойгоор олж авах боломжтой болох бөгөөд и-мэйл бичих, ойр зуурын яриа өрнүүлэх, танилцуулга англи хэл дээр хийх тал дээр дахиж толгойгоо өвтгөх шаардлагагүй болох юм.
Хамгийн гол нь таны үнэ цэнэ өснө, та ч үүнийг мэдэрнэ.
Дүгнэлт
Төгсгөлд нь энэ бүхнийг базаад харахад ямар ч завгүй байсан өөрийгөө хөгжүүлэх цаг үргэлж олддог бөгөөд англи хэл тийм ч хэцүү зүйл биш, инженерүүдийн хувьд асар их тооцоолол, оюуны хөдөлмөрийг байнга хийж байдаг оюунлаг хүмүүс байдаг тул англи хэлийг сурахад илүү хялбар байх болов уу. Гэж би өөрийн туршлага дээр үндэслэж бодсон юм.
Хэрэв танд өнөөдрийн бичлэг таалагдсан бол цаашид илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж буй бол сэтгэгдэл хэсэгт түүнийгээ бичээрэй.
Баярлалаа.