Менежмент гэхээр л…
Менежмент, удирдлага гэхээр ихэнх хүмүүс “Төлөвлөлт” төлөвлөгөө гэж хүлээн авдаг. Энэ нь ч аргагүй биз, манайх шиг ид хөгжиж, бүтээн байгуулалт ихээр хийгдэж буй улсад жижиг дунд, байгууллагууд бүх зүйлээ төлөвлөөд суух боломж, цаг зав байдаггүй бөгөөд төлөвлөж, цэгцтэй яваа төслүүдийн гүйцэтгэл сайн, зохион байгуулалттай байдаг тул менежмент – төлөвлөлт гэсэн 2 үг салшгүй холбогджээ.
Нөгөө талаас менежментийн тухай ойлголт нь төлөвлөлт, гүйцэтгэлээс илүү өргөн цар хүрээг хамардаг билээ. Хэдийгээр “Төлөвлөлт”, “Гүйцэтгэл” зэрэг нь менежментийн суурь ойлголт боловч хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад энэ хоёрын зөрүүг харьцуулж “Хянах” шаардлагатай болсон аж. “Хэмжиж чадаж байвал удирдаж болно” гэх алдарт үг үүнийг нотлох биз ээ.
Иймд ганц төлөвлөөд зогсохгүй тэр төлөвлөгөө бодитой байна уу? Гүйцэтгэл дээр төлөвлөгөөнд муугаар нөлөөлж буй зүйлс байна уу? гэдгийг давтамжтайгаар хэмжих, шалгах замаар илрүүлэх боломжтой юм.
Гэвч үр ашигтай хэмжилтийг зөвхөн төлөвлөсөн үед л хийх боломжтой. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийг харьцуулах ямар нэгэн суурь утга хэрэгтэй бөгөөд жишээлбэл хугацааны хоцролтыг үндсэн төлөвлөгөөтэй, нэмэлт зардлын хэмжээг үндсэн төсөвтэй, барилгын чанарыг үндсэн нормативтай харьцуулах замаар л хэмжих боломжтой билээ.
Иймд төлөвлөлт байхгүй үед үр ашигтай хэмжилт хийнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.
Эцэст нь ихэнх компаниудын орхигдуулсан байдаг менежментийн нэг чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг бол “Алдаа, амжилт дээрээ суралцах” буюу хэмжилт, шалгалтын үр дүнгээ ашиглан дараагын удаа түүнийг илүү сайжруулах явдал билээ. Хэрэв суралцах процессыг орхигдуулбал тухайн компани нэг гаргасан алдаагаа хэдэн зуун удаа дахин давтан, гаргах боломжтой бөгөөд мэдээж энэ нь санхүү болон цаг хугацаа, хамгийн гол хамт олны сэтгэл зүйд үлэмж хохирол учруулж байдаг.
Тэгэхээр энэ хүртэл би Төлөвлөлт – Гүйцэтгэл -Хэмжилт – Сайжруулалт гэсэн “Менежментийн тогтолцооны” үндсэн концепци болох PDCA cycle -г онцлон бичлээ.
Хэрэв танай хамт олон энэхүү циклийг амжилттай хэрэгжүүлж байгаа бол та жилээс жилд сайжирсаар хүссэн зорилгодоо очих нь гарцаагүй юм.
Харин эдгээрээс заримыг нь хэрэгжүүлдэг бол та бүрэн болгох гээд оролдоод үзээрэй.
Нийтлэл бичсэн: С.Мөнгөнтөр /Мэргэшсэн барилгын инженер/
2022.01.04